ХХААХҮ-ийн сайд УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанд мал аж ахуйн салбарын хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдах талаар танилцуулга хийв. Хаваржилтын нөхцөл байдлын хувьд нийт нутгийн 60 хувьд эрсдэл өндөртэй байснаас 15 аймгийн 64 сумд цагаан зудтай, зудархуу өвөлжсөн байна. Одоогоор нийт нутгийн 30 орчим хувьд 23 см хүртэл зузаан цастай. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Ховдын Алтай, Үенч, Булган, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг болон Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай буй аж. Увсын Сагил, Малчин, Түргэн, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Түдэвтэй, Баян-Уул, Тосонцэнгэл, Баянхонгорын Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дорнодын Баян-Уул сумд зузаан цастай тул цагаанаар зудархуу байгаа гэнэ. Хаврын мал төллөлт, төл бойжилт, малын вакцинжуулалт, бүртгэлжүүлэлт, отор нүүдэл зэрэг улирлын чанартай ажилд цаг агаарын аюулт үзэгдэл эрсдэл нэмэгдүүлсээр буй юм байна.
Манай улс 2022 оны эцэст 71.1 сая мал тоолуулсан нь өмнөх жилийнхээсээ 5.6 хувиар өссөн үзүүлэлт болсон. Үүнээс 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжсөн байна. Энэ он гарснаас хойш 564.5 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. Хамгийн их хорогдолтой нь Увс (111 336), Сүхбаатар (72 528), Завхан (71 673), Архангай (69 874), Ховд (34 944) аймаг аж. Мал, махны экспортыг БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргиз, Узбекистан, Азербайжан, Иран, АНЭУ, Катар, Хонконг, Вьетнам руу хийж буй гэнэ. 2023 он гарснаас хойш 17.3 мянган тонн мах нийлүүлжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор