Сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын санхүүжилтийн ямар хэлбэр Монгол Улсад тохирох вэ. Энэ асуултад ХБНГУ-ын Хамбургийн их сургуулийн профессор Флориан Гротц өнгөрсөн баасан гарагт хариулав. Манай улс төрийн тогтолцооны талаарх өгүүллээ анх 1998 онд бичиж, сонгуулийн холимог тогтолцооны талаар дагнан судалж ирсэн түүний үгийг сонсох боломжийг Монголд үйл ажиллагаа явуулж буй “Конрад Аденауэр”, “Ханс Зайдел”, “Фридрих Эберт”-ийн гэсэн Германы гурван сангаас хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэг олгосон юм.
Сүүлийн 30 гаруй жилд УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа явуулахдаа 2012 онд холимог тогтолцоогоор зохион байгуулсныг эс тооцвол үндсэндээ мажоритар хувилбарт “хайр зарлаж” ирсэн. Харин одоо сонгуулийн тогтолцоогоо мажоритар, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрийг хослуулсан, холимог хэлбэрээр явуулахыг зорьж буйгаа эрх баригчид хэлэхболсонбилээ. Үүний тулд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой бөгөөд төслийг нь боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг парламентад байгуулж, энэ лхагва гаргаас хуралдаж эхлэх гэж байна. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор хуульд нь гар хүрэхийг хориглосон заалт Үндсэн хуульд бий учраас ирэх зургадугаар сараас хэтрэлгүй эл ажлыг амжуулах ёстой тул барьж авахаас аргагүй. Герман профессорын хувьд холимог тогтолцоог үгүйсгэсэнгүй. Харин ч аль аль хувилбараас өнгөтэй, өөдтэйг нь түүж босгосон тогтолцооноос үүдэх алдаа мадаг бага байдгийг олон талаар тайлбарлаж, тодорхой таамаглал дэвшүүлснээ ч хуваалцлаа. Тухайлбал, хэрэв өнгөрсөн сонгуулийг холимог хувилбараар (50:50) явуулсан бол өдгөө парламентад 62 гишүүнтэй, нийт суудлын 82 хувийг эзэлж буй МАН-ын амжилт 68 хувь болж багасна хэмээн таамаглажээ. Мөн намуудын босгыг дөрвөн хувиар тооцсон пропорциональ хувилбараар явуулсан бол өнөөгийн эрх баригчид 76 суудлын талыг нь буюу 53 хувийг бүрдүүлэх байсан гэх тооцоо хийсэн байна. Пропорциональ тогтолцооны үед намуудын саналын босго ихэвчлэн 3-5 хувьд хэлбэлзэж буй бөгөөд дундажлан дөрвөн хувиар тооцсон аж. Нөгөө талаас парламентыг хэт олон жижиг намаас бүрдэж, эрээвэр хураавар болохоос урьдчилан сэргийлэхийн тулд намуудын босгыг гурав болон түүнээс доош хувиар тооцохоос зайлсхийснээ тэрбээр хэлж байлаа. Хэдийгээр сонгуулийг холимог болон пропорциональ тогтолцоогоор явуулахад МАН-ын гишүүдийн парламентад сонгогдох хувь буурч, бусад нам, эвслийнхний суудал тодорхой хэмжээгээр өснө гэж таамаглаж буй ч өнөөгийн эрх баригчид олонхын байр сууриа алдахааргүй байгааг тоон мэдээллээс (А1 нүүрт үзүүлсэн) харж болно. Мөн 2020 оны сонгуулиар суудалгүй хоцорсон “Шинэ” эвсэл УИХ-д орж ирэх боломж байсан гэх дүр зураг байна. Үүнээс гадна өдгөө 13 гишүүнтэйгээр УИХ-ын 17 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл холимог тогтолцооны үед 29, пропорциональ бол 40 хувьд хүрч, өсөх байсан гэх таамаглал нь анхаарал татаж байлаа.
Гэхдээ хуульд нь “холимог тогтолцоо” гэсэн үг, өгүүлбэр төдий зүйл оруулаад орхих бус, илүү нарийн, жижиг мэт харагддаг асуудлуудад анхаарал хандуулж, намуудын зөвшилцлийг дотор ч, гадна ч хангахыг профессор Флориан Гротц хүссэн юм. Үнэхээр ч дээрх ажлын хэсэг зөвхөн үүний төлөө ажиллахгүй гэдэгт найдна. Тухайлбал, пропорциональ тогтолцооноос оруулж ирэх намын жагсаалт нь ойлгомжтой, босго нь хэр өндөр байх, сонгогч хэдэн санал өгөх гээд олон зүйлийг тодорхой, салаа утгагүйгээр хуульчлах шаардлагатайг тэрбээр онцолсон. Жишээ нь, намын жагсаалтыг хийхдээ хүйсийн тэнцвэрийг хангах нь маш чухал гэнэ. Түүх сөхвөл, 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа тойргуудаас 48, намын жагсаалтаар 28 гишүүнийг сонгосон байдаг. Тэгвэл АН-ын жагсаалтын эхний аравт эмэгтэйчүүдээс Р.Бурмаа долоо, М.Батчимэг аравт бичигдэж байв. Харин МАН жагсаалтдаа 10 эмэгтэйг багтаасан ч Д.Сарангэрэлийг л эхний аравт оруулсан байлаа. Нөгөө есийг нь жагсаалтын 24 дотор багтаасан байсан юм даг. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах, нэмэгдүүлэх, тэднийг дэмжих чиглэлд хойрго, ямагт ээлгүй хандаж, тэднийг хойш тавьж ирсэн манай нөхцөлд намын жагсаалт гаргах журам батлахдаа үүнд зайлшгүй анхаарах ёстой. Жишээ нь, жагсаалт дахь эмэгтэйчүүдийн тоо нийт нэр дэвшигчийн 40 хувиас багагүй байх, эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжүүлэх гэх мэт олон арга зам байдаг аж. Мөн эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих 30 хувийн босго тогтоовол үр дүнтэйг хэлж байлаа. Энэ нь одоогийн 20 хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг.
Мэдээж мажоритар тогтолцоогоор сонгох суудлыг тойргуудад хэрхэн хуваарилах вэ гэдэг нь ч чухал. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрог 84 640 сонгогчтой байсан бөгөөд хоёр хүнийг УИХ-ын гишүүнээр сонгосон. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймгийн сонгогчийн тоо 37 474 байсан ч мөн л хоёр гишүүний мандаттай байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрханы 27 дугаар тойргоос 32 962 хүний санал авч сонгогдсон бол Говь-Алтайгаас Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар нийлээд 29 036 сонгогчийн дэмжлэг хүлээсэн байх жишээтэй. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, нийслэлдээ талаас илүү нь төвлөрсөн манай улсын хувьд маргаан дагуулдаг эл асуудлыг ул суурьтай шийдэх цаг ирж байна. Тогтолцоогоо өөрчилж, холимог болгохдоо өнгөрсөн сонгуулиар ашигласан 29 тойрогтоо тулгуурлах нь илүү хялбар байж, давуу тал үүсгэж болохыг судлаач тэмдэглэнэ лээ.
Цаашлаад сонгуулийн холимог тогтолцоог сонгосон үед нэг нэр дэвшигч намын жагсаалтад орохын зэрэгцээ тойрогт өрсөлдөж болох, эсэхийг тодорхой шийдвэрлэх хэрэгтэйг хэлсэн. Профессорын онцолсноор өдгөө сонгуулийн холимог тогтолцоотой улс орнуудад үүнийг ихэвчлэн зөвшөөрч буй аж. Үүнийг болон Монголынхоо онцлогийг харгалзан шийдвэрлэх нь зүйн хэрэг биз. Хамгийн гол нь ардчиллын үнэт зүйл болсон чөлөөт, шударга сонгууль явуулахын тулд нэр дэвших, дэвшүүлэхээс авхуулаад сурталчилгаа явуулах, санал өгөх, сонгох эрхээ эдлэх, дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргалдлаа гэхэд ямар арга хэмжээ авах гээд бүх зохицуулалтад анхаарал хандуулж, аль болох төгс шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй.
Нөгөө талаас сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй хамт намын санхүүжилтийн орчныг шинэчилж, ил тод болгох нь зайлшгүйг тэрбээр хэдэнтээ онцолсон юм. Өөрөөр хэлбэл, намуудад эргэлдэж байгаа, тэдний хэрэглэж, зарцуулж буй мөнгөний гарал үүсэл тодорхой байх ёстой гэсэн үг. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгийнхэн хэдийн бэлэн болгосон бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хуультай уялдуулах, эсэх, ямар зохицуулалтууд тусгах вэ, ер нь 20 шахам жил гар хүрээгүй эл хуулийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг ирэх өдрүүдэд харах нь.
Санасныг бодоход дээрх хэлэлцүүлэгт нам намын төлөөлөл, нөлөө бүхий улстөрчид ирж, идэвхтэй оролцоно лээ. АН-ыгтөлөөлж УИХ-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин “Монголд авлига тогтолцооны шинжтэй болж, ужгирлаа. Авлигын систем манайд хуулиас илүү зохицуулалт, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэйгөөр ухаалаг ажиллаж байна. Харамсалтай нь, нам бол авлигыгүүсгэгч, тээгч, гол үйлдвэрлэгч нь болчихож. Тиймээс авлига суурьтай улс төрийн “соёл”-оосоо татгалзах уу. Авлига суурьтай сонгуулиа зогсоохын тулд томоохон өөрчлөлт хийж чадах уу гэдгээ намууд тогтож ярилцан, ойлголцох хэрэгтэй. Ингээд үнэхээр тогтолцооны, том өөрчлөлт хийх гэж байгаа бол Үндсэн хуулийн түвшинд асуудал тавих шаардлагатай гэж АН үзэж байна. Үзэл санаа, арга ажиллагааны хувьд Үндсэн хуулийн бус зүйл ярьж, хийгээд байгаа намуудыг яах вэ. Сүүлдээ эрх барьж байгаа нам нь ч ийм арга барилаар ажиллаж эхэллээ. Ардчилсан тогтолцоонд таарахгүй байгаа намуудаа цэвэрлэж чадах уу, тийм хэмжээний эр зориг байна уу гэдгээ намууд ойлголцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хяналтын механизмд улс төрийн намыг хэмжээ хязгаартай, хариуцлагатай байлгах зохицуулалт оруулах эр зориг байна уу” хэмээн өөрийнхөө болон намынхаа байр суурийг илэрхийлснийг төгсгөлд нь онцолъё.