“Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдоод буй “Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” хэмээн АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ. Түүгээр ч зогсохгүй зарим цахим хуудсанд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай ч нийтлэх болсон.
Тэгвэл АТГ-ынхан уг саналаа ирүүлсэн, эсэхийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа боловч албан ёсоор санал ирээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа мөрдөх байгууллагаас өнөөдрийн байдлаар (өчигдөр) прокурорт гаргаагүй байна” гэлээ.