Энэ сарын 13-наас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, зарим газарт цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал, 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумд -28 градуст хүрсэн нь хамгийн хүйтэнд тооцогджээ. Улаанбаатар хотын тухайд -13 градус хүйтэн байсан аж. Өчигдөр өдөр говийн болон зүүн аймгийн нутгаар салхи шуурга ихтэй байсан бөгөөд Дундговь, Дорноговь, Хэнтий аймгийн зарим сумд салхины хүч секундэд 20 метрт хүрчээ. Салхины хурд 18 м/сек-ээс давахад цаг агаарын аюулт үзэгдэлд тооцдог билээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн бүсэд салхи шуурга ихтэй байхыг анхаарууллаа. Тухайлбал, Сүхбаатар, Дорнодын өмнө, зүүн хэсгээр цасаар шуурах аж. Мөн Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед 24 метрийг давж ширүүсэх гэнэ. Харин нөгөөдрөөс хүйтний эрч ихэнх нутагт сулрах төлөвтэй юм байна.
Бэлтгэсэн М.Оч