Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болсон. Эрэгтэйчүүдээс 57 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар аварга болсон юм. 61 кг-д мөн “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүүг бөхийн хорхойтнууд энэ удаа ч гэсэн түрүүлнэ гэж тааварласан ч хүрэл медаль зүүлээ. Харин “Аваргууд” академийн Т.Түвшинтулга түрүүг авснаар хойшид хүчтэй өрсөлдөхөө харуулав. 65 кг-д “Хүч” спорт хорооны хүчтэнүүдээс “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, олныг баярлуулсан Т.Тулга жиндээ “босоо” гэдгээ учраанууддаа ойлгуулж, алтан медаль хүртэн шагналын тавцанд зогссон. Түүний хувьд энэ удаагийн түрүү хоёр дахь нь. Аваргын төлөөх барилдаанд “Алдар”-ын Ц.Цогбадрах түүнтэй хүч сорьж удаалахдаа амаргүй өрсөлдөгч болохоо мэдрүүлсэн юм.
70 кг-д “Алдар”-ынхнаас Г.Ханбүргэд түрүүлж, аваргуудын тоог нэгээр ахиуллаа. Эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан (“Алдар”), ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмааг буулган авч өөрийн амжилтын “эрин” ирснийг амжилтаараа олонд батлав. Чөлөөт бөхийн дэвжээнд туршлага зааж удаалсан О.Бурмаад улсын аваргын мөнгөн медаль ч цөөнгүй бий. 76 кг-д Г.Ариунжаргал (“Алдар”) түрүүлж, шилдгээр шалгарсан юм.
Хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдээс 50 кг-д алтан медалийн төлөө Ц.Намуунцэцэг, “Осло-2021” ДАШТ-ийн хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, шинэхэн Гавьяат цолтон Д.Отгонжаргал нар гал гартал ширүүхэн өрсөлдлөө. УАШТ-д хэн нь ч түрүүлэхэд гайхахааргүй болсон тэдний хувьд өмнөх амжилтаа бататгах нь хамгийн чухал байв. Энэ удаа Ц.Намуунцэцэг чөлөөт бөхөөр түүнээс түрүүлж хичээллэсэн туршлагаа харуулж илүүрхсэнюм. 53 кг-д “Женко” клубийнхнээс Токиогийн олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Болортуяа жингийнхэндээ шилдэг гэдгээ тунхагласан. 55 кг-д Ч.Отгонтуяа (“Аваргууд”) түрүүлсэн бол 57 кг-д Б.Эрдэнэсувд аваргын төлөө Э.Сумъяаг ялж, шинэ үеийнхэн хүч түрэн орж ирснийг баталлаа. Энэ жинд хүчтэй өрсөлдөгчдөөс “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг хүрэл медаль зүүв.
Эрэгтэйчүүдээс 74 кг-д О.Сүлдхүү (“Алдар”) аварга болж З.Сумъяабазар (Хангарьд) удаалсан юм. Тус жинд зодоглох болсон З.Сумъяабазарт төрсөн ах ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазарын шийрийг хатаах амжилт ойрхон байгаа. 79 кг-д “Сүлд” спорт хорооны бөхчүүдээс Б.Бямбадорж түрүүлж, алтан медальтнуудын тоог ахиуллаа. 86 кг-д Б.Бат-Эрдэнэ (“Хилчин”) тэргүүлж, тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв. Сүүлийн өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс 92 кг-д “Алдар”- ын Г.Ганхуяг, 97 кг-д Б. Өлзийсайхан нар түрүүлсэн. 125 кг-д “Хилчин”-ий хүчтэнүүдээс “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл аваргалж, ойрын хэдэн жилдээ ч алтан медалийн тавцанд зогсох дэлхийн данстан гэдгээ батлав. Эмэгтэйчүүдийн 59 кг-д Х.Болортуяа (“Аврагч”), 62 кг-д олны танил “акул”-уудаас П.Орхон, Б.Хонгорзул, С.Цэрэнчимэд нар хүч үзэв. Тэднээс П.Орхон алтан медаль атгаж, чөлөөт бөхийн ертөнцөд эргэн ирснээ зарласан юм. Түүний хувьд энэ удаагийн барилдаан хойшид оролцох тэмцээнүүдэд нь нөлөөлөх чухал өрсөлдөөн байв.
УАШТ-д ямар дасгалжуулагч тамирчдаа сойж, амжилт гаргуулсан нь олны сонирхлыг ихэд татдаг. Эмэгтэйчүүдээс багийн дүнгээр Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооныхон тэргүүлж, Н.Лхамгармаа дасгалжуулагчтай Баянгол дүүргийн “Аваргууд” академийнхан, Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин”-ийнхэн шил дарав. Эрэгтэйчүүдээс мөн л Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”-ынхан I байрт шалгарч, Ё.Батдархан дасгалжуулагчтай “Дархан-хасу”-гийнхан удаалж, Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин”-ийнхэн III байр эзэллээ.