Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 7-нд болж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, “намын улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр дахин олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснийг эсэргүүцэж буй Д.Эрдэнэсувд тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийв.
Д.Эрдэнэсувд “Энэ шийдвэрийг бид хоёр талтай харж байгаа. Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн ч Захиргааны хэргийн танхимаас нь шударга шийдвэр гаргаж, тэдэнд намын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Дээд шүүх тэр чигтээ ялзарчихаагүй юм байна. Нөгөө талаас Дээд шүүх улс төрийн намыг бүртгэхдээ баримтлах журам бий. Тухайн журмын дагуу улс төрийн намаас Дээд шүүхэд хүлээлгэн өгөх бүрдүүлбэр байдаг. Тухайлбал, намын даргыг бүртгэхдээ 2А маягтыг бөглөнө гэж тус журамд заасан байдаг. Тэрхүү 2А маягтын хавсралтад улс төрийн намын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байхыг шаарддаг юм. Эх хувиараа байх ёстой зүйлийг бүрдүүлбэрт хавсаргаагүй байхад Дээд шүүх хүлээн авч, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн нь хууль бус байсныг энэ шийдвэр нотоллоо” хэмээн тайлбарласан юм.