УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдон ЭЦА-ны хан энэ оны нэгдүгээр сарын 5-наас хойш цагдан хорьж шалгаж буй билээ. Тэрбээр 7.3 тэрбум төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцууд, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэд хэдэн гэрээ хийсэн байсан бөгөөд уг мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй. Түүнийг цагдан хорьж шалгах хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НПГ-аас таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал хүргүүлснийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн юм. Тус шүүхийнхэн прокурор, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан НПГ-аас хүргүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэснийг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгасан юм.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийнхөөс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоосон бөгөөд түүнд хахууль болгож өгсөн хүмүүсийг яллагдагчаар татахаар болсон гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим мэдээллийн хэрэгсэлд С.Батдөлд холбогдох хэргээс улбаалан “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлсөн гэх ташаа мэдээлэл цацагдсан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэрийг эл хэрэгт холбогдуулан шалгаагүй гэдгийг ч мэдээллээ.