Казахстанд ирэх сарын 7-15-нд болох Азийн АШТ-д Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансаагаар жин тус бүрт дөрвөн бөх хэсэг ахална. Чансааг 2022 оны ДАШТ болон өнгөрсөн сард Загреб, Египетийн Александрт зохион байгуулсан тэмцээний дүнг харгалзан гаргажээ. Парисын олимпын эрх олгох ДАШТ-д жин бүрээс өндөр оноотой шилдэг найман бөх хэсэг толгойлох юм. Дээрх гурван тэмцээнээс гадна тивийн АШТ, Киргизийн Бишкек, Унгарын Будапешт хотод болсон тэмцээний дүнгээр чансааг гаргах аж. Монголын эрэгтэй бөхчүүдээс 57 кг-д З.Занабазар 31 000, 61 кг-д Н.Наранхүү 37 400 оноогоор дөрөв дүгээрт эрэмбэлэгдэж байна. Тэгвэл 92 кг-д Г.Ганхуяг (20 700) VII, 125 кг-д М.Лхагвагэрэл (37 000) III байрт бичигджээ. Эмэгтэйчүүдээс 50 кг-д Д.Отгонжаргал онооны чансаагаар (45 200) Японы Сүсаки Юи, 53 кг-д Б.Хулан (45 520) Доминик улсын тамирчин Оливиа Парришийн дараа буюу хоёрдугаарт жагсав. 57 кг-д Э.Даваачимэг (25 000) VII, 59 кг-д Б.Эрдэнэсувд (23 000) VI байрт жагсаад байна.