АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас Дээд шүүхэд өнгөрсөн сарын 28-нд өргөдөл илгээн, “Намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй бөгөөд АН-ын хуучин удирдлага нь холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Иймд гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” хэмээн хүссэн юм. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан уржигдар хуралдаж, уг хүсэлтийг хэлэлцээд, “намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй, хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр дахин олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ.
Ташрамд дурдахад, иргэн Б.Ганзоригоос Дээд шүүхэд өргөдөл илгээж, Их монгол засахуй ухаан намыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр хандаад буй бол Иргэн Б.Жагарын Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаасан байна. Иргэн Б.Жагар нь намыг бүртгүүлэх бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр ирүүлсэн бичиг баримтаа буцаан авах хүсэлтээ өөрөө гаргасан аж.