Чөлөөт бөх сонирхож хичээллэдэг хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлд нь хүргэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх зорилготой, 17, 22 хүртэлх насныхны анхдугаар лигийн халз барилдааныг жин тус бүрт хоёр сарын хугацаанд зохион байгуулж өндөрлөлөө. 17 хүртэлх насныхны ангилалд 45 кг-ын жинд У.Буянхишиг, 48 кг-д Т.Мянганбанзрагч, 51 кг-д П.Сумъяабазар, 55 кг-д Б.Наран, 60 кг-д А.Даваадорж, 65 кг-д А.Анх-Эрдэнэ, 71 кг-д Ц.Ганбат, 80 кг-д Г.Сүхбат, 92 кг-д А.Дэмүүл, 110 кг-д Д.Нарантулга нар аварга болов. Тэгвэл 22 хүртэлх насныхнаас 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д П.Дашцэрэн, 65 кг-д Я.Үржинжав, 70 кг-д Б.Буд, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Д.Дэлгэрдалай, 97 кг-д Н.Уугангэрэл, 125 кг-д Ц.Мөнхбаяр нар түрүүлсэн байна. Лигийн шигшээ барилдааны үед хамгийн сонирхол татсан дуэль 70 кг-ын жинд Сонгино хайрхан дүүрэг, MJ клубийн П.Мөнх-Эрдэнэ, “Хасу мегастарс”-ын Э.Төгсжаргал нарын хооронд болсон юм. Тэд хувиасаа тус бүр нэг сая төгрөг гарган бооцоо тавьж өрсөлдсөнөөс Э.Төгсжаргал 4:1-ээр буулган авав. Энэ удаа 17 насныхнаас Ц.Баасанхүү (“Тэх мөнх” клуб), 22 нас хүртэлх ангиллаас Б.Ган-Эрдэнэ (73 дугаар сургууль) нар шилдэг тамирчны шагнал гарджээ. Тамирчдаа бэлтгэл хийлгэж уг лигт сойсон дасгалжуулагчдаас “Хасу мегастарс” клубийн багш Ё.Батдархан, лигийн тойргийн болон шигшээ барилдааныг шүүсэн шүүгчдээс О.Пүрэвжаргал шилдгээр тодорсон юм.