Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Агаарын температур Хэнтий, Дундговь аймгийн ихэнх сум, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх аж. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь. Сарын эхэн үед нийт нутагт дулаан бол харин дунд үед бага зэрэг сэрүүсэх гэнэ. Баруун, төвийн аймгуудад 3, 4-нд, сарын дунд үед ихэнх нутагт салхи шуургатай байх төлөвтэй. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ. Ташрамд дурдахад, 1985 оны гуравдугаар сард олон жилийн дунджаас 2-8 градусаар хүйтэн байж. Энэ нь манай орны түүхэн дэх хамгийн хүйтэн гуравдугаар сард тооцогддог гэнэ. Харин хамгийн дулаан гуравдугаар сар 2018 онд бүртгэгдсэн байна. Тухайн үед олон жилийн дунджаас есөн градусаар дулаан байжээ.
Бэлтгэсэн М.Оч