УДБЭТ-ын хамт олон 2023 оны гуравдугаар сарын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээл Л.Минкус “Дон Кихот” балетаар эхлүүлэх гэж байна. Тус балет нь ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх юм. Сервантесийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү балет нь сэтгэл сэргээсэн гайхам цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх балетын тоонд ордог.
УДБЭТ-ын тайзнаа 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл театрын тайзнаа тоглогдож байгаа Л.Минкусын Дон Кихот балет нь эх зохиолын ердөө нэг л хэсэг буюу Китри, Базиль хоёрын хайр дурлалыг хэрхэн аварч байгаа хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг.
Хөгжмийн зохиолч Людвиг Минкус туршлагатай хүн учраас Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа аван зохиосон балетаа эхнээсээ дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам болгож чаджээ. Түүнчлэн тайзны тавилт, өнгө будаг нь мөн л эх зохиолын өрнөх Испани нутгийн өнгө алагласан орчин, ахуйг илэрхийлэх тул сэтгэлээ сэргээн амрах, хүүхдийнхээ урлагийн боловсролд нэгэн шинэ хуудас нэмэх боломж билээ.
Л. Минкус “Дон Кихот” балетад УДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, МУСТА Д.Нацагдорж, Балетын гоцлооч Г. Нямцэрэн, МУСТА Х.Галтулга, нарын бүжигчид гол дүрүүдийг бүтээх гэж байна.