Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн шийдвэрийг С.Эрдэнэ, Д.Ганбат тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдэж байсан. Тэд АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн Дээд шүүхийн 2023 оны 10 тоот тогтоол нь Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намыг бүртгэх тухай журам, тус намын үндсэн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд өчигдөр хандаж, нэхэмжлэлээ хүргүүлэв. Нэхэмжлэлийн хамт дээрх тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлтээ ч уламжилжээ. Энэ үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд “Дээд шүүх 2022 оны аравдугаар сард Улс төрийн намыг бүртгэх журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бүрдүүлбэрүүд нь ямар байхыг тодорхой заасан. Л.Гантөмөрийг бүртгэхдээ энэ журмаа зөрчлөө. Ер нь түүнийг сонгох бүхий л үйл явц АН-ын үндсэн дүрэмд нийцээгүй. Бид Л.Гантөмөр гэх хувь хүнтэй холбогдуулан шүүхэд хандсан юм биш. Холбогдох хууль, журам, дүрмийг Дээд шүүх зөрчөөд байна. Сөрөг хүчингүй байх гэсэндээ МАН-ынхан энэ бүхнийг зохион байгуулж байгаа” хэмээн эрх баригчдыг буруутгалаа.
Бэлтгэсэн Б.Уран