Манай улс аялал жуулчлалын гол бүс нутаг дахь 21 байршилд авто зам дагуу ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолбор байгуулахаар болсон. Тодруулбал, Архангайд дөрөв, Хэнтий, Өвөрхангайд гурав, Төв аймагт хоёр, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Сүхбаатар, Хөвсгөлд тус бүр нэг цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй БОАЖЯ, ЗТХЯ, МҮХАҮТ-ынхан өнгөрсөн баасан гарагт уулзаж, барилгын ажлаа даруй эхлүүлэх, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг тавдугаар сарын 1 гэхэд барьж дуусгах үүрэг өглөө. Мөн авто замын төлбөр хураах 10 цэгт үйлчилгээний цогцолбор нэмж байгуулахаар шийдвэрлэв. Энэ ажлын сонгон шалгаруулалтыг ЗТХЯ-наас удахгүй зарлах гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл