Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, малчиндаа давуу байдал олгосон үндэслэлээр АТГ-ынхан шалгаж дуусжээ. ХХААХҮЯ-наас өнгөрсөн оны тавдугаар сард Говьсүмбэр, Дундговь аймагт инженерийн хийцтэй есөн худаг шинээр гаргуулахаар болсон аж. Үүний нэгийг “Монтегео” ХХК гаргахаар болсон юм байна. Уг нь холбогдох байгууллагын баталсан ажил гүйцэтгэх 220502/04-227 дугаартай гэрээ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны хоёрдугаар сарын 09-ний А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын II багийн нутаг, Давайн хормойн зүүн гэх газарт дээрх компани 30 сая гаруй төгрөгөөр инженерийн хийцтэй худаг гаргах ёстой байж. Гэтэл Засаг дарга Г.Анхбаяр худаг гаргах байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-д зориуд худлаа зааж өгөн, 2022 оны аравдугаар сард өөрийнхөө малчин Д.Н-гийн өвөлжөөнөөс 1.7 км зайд орших Нүдэнгийн бор гүвээ гэх газарт өрөмдлөг хийлгэж худаг гаргуулсан юм байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлсэн байна.