Арабын орнуудын лигийн Эдийн засгийн хороо Сирийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах санал гаргасныг “Reuters” дамжуулав. Өнгөрсөн бямба гаригт Эдийн засгийн хороо хуралдаж, ийм шийдвэр гаргажээ. Уг хориг арга хэмжээний хүрээнд Сирийн Засгийн газарт ажиллаж буй өндөр албан тушаалтнуудад Арабын орнуудад зорчихыг хориглохоор төлөвлөж байна. Түүнээс гадна Арабын орнуудын санхүүгийн байгууллагуудад Сирийн Төвбанктай ямар нэгэн гүйлгээ хийхийг хориглох саналыг ч мөн гаргасан байна. Дашрамд дуулгахад, Европын холбоо Сирийн эрх баригчдад ийм хориг хэмжээ авсан билээ.
Эдийн засгийн хорооноос гаргасан уг саналыг одоо Арабын орнуудын лигийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Ажиглагчдын үзэж буйгаар Ирак, Ливан, Иордан тэргүүтэй улс уг хориг арга хэмжээг эсэргүүцэж магадгүй байгаа аж. Арабын орнуудын лиг жагсагчдын эсрэг хүч хэрэглэх, энгийн иргэдийг хөнөөхөө зогсоохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад удаа дараа анхааруулсан билээ. Түүгээр ч зогсохгүй Сирийн гишүүнчлэлийг тодорхой бус хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан юм. Энэ сарын 25-ны дотор гадаадын ажиглагчдыг Дамаскт нэвтрүүлэх болзлыг Арабын орнуудын лиг Сирид тавьсан ч тэд үүнийг нь биелүүлээгүй, мөн энгийн иргэдийн амийг хөнөөсөөр байгаа билээ. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд тус улсад 42 хүн амиа алдсан тухай ВВС дамжуулав. Башар Асадын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн эхэлснээс хойш 3500 хүн нас барсан тухай НҮБ-аас мэдэгдсэн юм.
Х.ОД