Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан хоёр дахь “Их дуулга” тэмцээн Израилын Тель-Авив хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын 18 жүдоч зодоглосон тус тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв. Тэрбээр медалийн төлөөх барилдааны нэмэлт цагт 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Куба улсын Иван Фелипе Силва Моралесийг цэвэр ялсан юм. Тель-Авивын дэвжээнд Монголын багийн анхны медалийг авчирсан тэрбээр “Их дуулга”-аас тав дахь (нэг мөнгө, дөрвөн хүрэл) медалиа зүүсэн юм. Тэгвэл +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл Азербайжаны Ушанги Кокаурийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн эзэн боллоо. Түүний хувьд өмнө нь 2021 онд Абу-Даби, өнгөрсөн жил Парист болсон “Их дуулга”-д аваргалж байв.