Энэ долоо хоногийн эхний байдлаар улсын хэмжээнд зүй бусаар 365 680 гаруй мал хорогдоод байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 132 470-аар өссөн дүн болжээ. 2023 оны эхэнд улсын хэмжээнд 71.1 сая орчим толгой мал тоологдсон бөгөөд дээрх хорогдсон дүн бол нийт сүргийн 0.5 хувь юм байна. Хамгийн их хохирол учирч буй аймаг нь Завхан, Сүхбаатар, Архангай, Ховд бөгөөд цаашид ч хаваржилт хүндэрч, малын хорогдол нэмэгдэх төлөвтэйг дээрх яамнаас дурлаа. Түүнчлэн өнгөрсөн намар малчид 1.1 сая тонн өвс, 88 000 тонн ногоон тэжээл, 13 100 тонн дарш зэргийг бэлтгэснээс өдгөө 70 орчим хувийг зарцуулаад байгаа аж.