“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр буй билээ. Хэргийн явцын талаар АТГ-аас мэдээлэл өгсөн юм. Тус мэдээлэлд “Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, шүүхэд шилжүүлэх саналаа нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүллээ. Мөн 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, бичиг баримтад үзлэг хийх ажиллагааг 368 удаа явуулж, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Энэ хугацаанд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа. Үүнээс 16 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, давуу байдал олгож хохирол учруулсан, 14-ийг нь хахууль авсан, 19-ийг нь мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгсөн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа. Яллагдагч нарын дотор нийтийн албан тушаалтан 40, хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 21 хүн бий. Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өдгөө найм нь цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 34, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 25 яллагдагчид авлаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн орон сууцын 83, оффисын гурван талбай, нийт 86 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 47 тээврийн тээврийн хэрэгсэл, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 38 аж ахуйн нэгжийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-1, 29.3-5 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэг мөрдөгчид хүлээж буй бөгөөд хэргийн талаар прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж буй” хэмээжээ.
Яллагдагчаар татагдсан нийтийн албан тушаалтан 40 хүний дотор улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн дөрвөн хүн бий. Тодруулбал, Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн, “Ажнай корпорац”-ыг үүсгэн байгуулагч, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргээс сонгогдож, УИХ-ын дэд даргын албан тушаалд сууж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон Т.Аюурсайхан, Архангай аймгийн иргэдийн итгэлийг хүлээж, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар багтаж буй. Мөн Баянхонгор аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан 100 000 ам.долларын хахууль өгч, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авсан хэрэгт яллагдагчаар татагдсан А.Адъяасүрэн бий. Тэдэнд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулж, гарын үсэг зуруулж, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ. Яллагдагч нарын дунд Зам, тээврийн хөгжлийн сайд асан, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан А.Гансүх, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өчигдрөөс урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийж буй “Хөгжлийн банк”- ны гэх хэргийн яллагдагч, тус банкны ТУЗ-ийн гишүүн байсан Б.Батзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар багтаж байна. Мөн энэ хэрэгт тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг нэмж яллагдагчаар татаад байгаа аж. 2021 оны өвөл ЭЦА-ныхан түүнийг шалгаад, АТГ-т шилжүүлсэн. 2020-2021 онд Цагаан хад орчимд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгохдоо өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэж, дамлан зарсан хэргийг шалгаж байсан бөгөөд нэгжлэг хийх үед Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон ЗДТГ-ын бусад гурван албан тушаалтны гэр, ажлын өрөөнөөс бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураасан байдаг.
“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн дотор өмнөд хил дээр ажиллаж байсан гаалийн 12 байцаагч, хилийн цэргийн дөрвөн албан тушаалтан, дээр дурдсан Г.Доржпалам, Өмнөговь аймаг дахь АТҮТ-ийн салбарын албан тушаалтан дөрвөн хүн, Сангийн яамны Боомтын захиргааны мэргэжилтэн М.Дөлгөөн, Гашуунсухайтын боомт дахь Хилийн боомтын захиргааны мэргэжилтэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, УИХ-ын гишүүн, сайд Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байгаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга болсон И.Даваадорж нар байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга, сайд Т.Аюурсайханы шадар туслах зэрэг ажил хийж байсан Б.Отгонжаргал тэргүүтэй зургаа, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал тэргүүтэй гурван хүн бий.