Дорноговь аймгийн Сайншанд сумд 640 хүүхдийн хүчин чадал бүхий 6 дугаар сургуулийг ашиглалтад орууллаа. Сургуулийн барилгыг орон нутгийн төсвийн 10.1 тэрбум төгрөгөөр “Болор аграмба” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд дулаалга, дуу чимээ тусгаарлалтад анхаарч, тав тух, чанарыг чухалчилсан гэнэ. Гол нь Сайншанд сумын шинэ сургууль нь 6 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгийг инженер нь онцолсон. Тус сургууль орчин үеийн стандартад нийцсэн багш хөгжлийн төв, хичээлийн 35 танхим, 120 хүний суудалтай иж бүрэн гал тогоо, 200 хүний суудалтай урлаг заал, багш нарын амралтын өрөө, өндөр хүчин чадал бүхий 21 компьютертэй мэдээллийн төвтэй аж. Дээр нь биеийн тамирын заал, сүүлийн үеийн шинэлэг шийдэл бүхий номын сан, хичээлийн дараах хүүхэд хөгжүүлэх сонгон дугуйлан, хүүхэд хөгжлийн өрөө танхимтайгаар барьсан нь суралцагчдын сурч хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж чаджээ.
Сургууль 30 анги, 1029 сурагчтай, хоёр ээлжээр хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, гурван ээлжээр хичээллэж байсныг ийн халлаа. Үүнээс гадна 6 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч хөгжих боломжийг бүрдүүлж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Сургууль барих шийдвэрийг 2019 онд буюу цар тахлын үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан гэнэ. Улмаар цар тахлын хүнд үеийг даван туулж, өнөөдөр ашиглалтад оруулсан байна.
Цаашдаа орон нутгаас зардал гаргаж, сайн багш нарыг бэлтгэх гэнэ. Энэ хүрээнд өдгөө Улаанбаатар хотоос сайн багш урьж ажиллуулж байгаа аж. Улмаар багш нараа орон сууцжуулах, дэмжих хөтөлбөрийг Дорноговь аймагт эрчимтэй хэрэгжүүлэх гэнэ. Мөн сургуулиа амжилттай төгссөн, багшийн мэргэжлээр сурах хүсэлтэй 40-50 хүүхдэд жил бүр оюутны тэтгэлэг олгох болсноо тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэллээ.
Ташрамд дурдахад, энэ жил Замын-үүд сумд 940, Хатанбулаг сумд 340 хүүхдийн багтаамжтай сургуулийг ээлж дараалан ашиглалтад оруулах юм байна.