Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон “тал”-ынхан өчигдөр мэдээлэл хийж, Л.Гантөмөр болон Д.Ганбат нарын хэнийг нь ч Дээд шүүх бүртгэх ёсгүй хэмээн мэдэгдлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Манай намын 117 мянган гишүүн Х.Баттулгыг даргаараа сонгосон. Тэдний саналыг хэн ч хүчингүй болгох ёсгүй. Түүнийг АН-ын даргаар батламжилсан их хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Даргыг дахин сонгох бол эл тогтоолыг хүчингүй болгох ёстой. Дээд шүүх хууль мөрдөнө гэдэгт итгэлтэй байна” гээд Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг даргаар бүртгэхгүй байхыг хүсэж Дээд шүүхэд хандсанаа дурдав.
Мөн АН-ын гишүүн О.Батханд “Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх л үүрэгтэй. Түүнээс биш, ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ын даргыг сонгох ёсгүй. Дээд шүүх улс төрөөс буюу эрх баригчдаас хараат, хууль бус шийдвэр гаргавал бид зүгээр суухгүй” хэмээлээ.
Бэлтгэсэн Б.Уран