Ховд аймгийн Булганы боомтыг өргөжүүлэх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт Боомтын зөвлөлийн хурлаар дэмжин, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр болжээ. Одоогоор тус боомтыг өргөжүүлэн, дөрвөн гарцтай болгох ТЭЗҮ боловсруулаад байгаа аж. Ингэснээр олон улсын транзит тээврийг нэмэгдүүлж, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, орон нутгийн болон баруун бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулах боломж бүрдэх гэнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Булганы боомтоор манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн дөрвөн хувийг нэвтрүүлсэн бөгөөд төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.