Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь тэмцээн Парисын “Их дуулга” энэ сарын 3-нд эхэллээ. “Бага дэлхийн аварга” гэгддэг эл тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд 10, эмэгтэйчүүдийнхэд 11 жүдоч хүч үзэж буй юм. Энэ удаагийн “Их дуулга”-д таван тивийн 82 орны 520 гаруй тамирчин өрсөлдөж буй бөгөөд манай жүдочдоос өчигдрийн байдлаар хоёр нь медаль хүртээд байв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр мөнгөн медаль авлаа. Тэрбээр БНСУ-ын алдарт тамирчин Ан Баулыг ялж, хэсэгтээ тэргүүлжээ. Улмаар хагас шигшээд Францын тамирчин Валиде Хяарыг ялсан байна. Аваргын төлөөх өрсөлдөөнд Б.Эрхэмбаяр Украины тамирчин Богдан Ядовд дийлдэж, мөнгөн медаль авчээ. Түүнчлэн эрэгтэйчүүлийн -73 кг-д О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө БНСУ-ын жүдоч Кан Хёнчолыг буулган авав. Тэмцээний эхний өдрүүдэд манай тамирчдаас 13 нь зодоглосноос хоёр нь ийнхүү медаль авсан юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны Парисын “Их дуулга”-д манай тамирчдаас Ё.Басхүү 66, Д.Цэцэнцэнгэл +100 кг-д алтан медаль хүртсэн билээ.