2023 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 2-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах гэнэ. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү аян чиглэж буй. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжих, энэ тал дээр шинэ санаачилга, аргачлалыг нэвтрүүлэхэд анхаарна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн 50 метрийн зураглалыг гаргах, энэ зураглалын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхэд ач холбогдол өгч буйгаараа онцлог хэмээн Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан мэдээллээ.
Аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан, нийслэл дэх Ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд дүүрэг, хороодод дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан дэд Ажлын хэсгүүд ажиллах юм.
Аяны хүрээнд:
- Гудамж, зам, талбайг тохижуулах
- Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах
- Иргэдийн амьдрах орчны нөхцөлийг сайжруулан, чанаржуулах
- Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах
- Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийх юм.
Аянд оролцогчдыг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу байр эзлүүлэн:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг хороо /орон сууцны/
- Шилдэг хороо /гэр хороолол/
- Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/
- Шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Шилдэг өрх /гэр хороолол/
- Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг шалгаруулна.