Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох дөрвөн тэмцээний эхнийхийг нь энэ сарын 2-5-нд Хорватын нийслэл Загреб хотод зохион байгуулж байна. Тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батзориг нарын удирдлагад Монголын бөхчүүд зодоглолоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насныхны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга түрүүллээ. Түүний хувьд дэлхийн чансааны тэмцээнд хоёр дахиа алтан медальзүүсэн нь энэ. Үүнээс өмнө Казахстаны Алматы хотод өнгөрсөн жил болсон Болат Турлыхановын тэмцээнээс анхны түрүүгээ авсан юм. Манай тамирчдаас дээрх тэмцээний 61 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү шөвгийн наймд Францын Адам Бибулатовыг 10:0, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг 4:4-өөр хожив. Тэрбээр шигшээд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, 2019 оны Азийн аварга Ираны Реза Атритай учраа таарч үзүүрлэжээ. Монголоос олон улсын I зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнсэлсэн байна. Дэлхийн чансааны дараагийн тэмцээн Египетийн Александр хотод энэ сарын 23-26, Киргизийн Бишкект зургадугаар сарын 1-4, Унгарын Будапештэд долдугаар сарын 13-16-нд болох нь.