2025 онд болох сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан II шатны тоглолт энэ сарын 24-26-нд Монголд болно. Манай шигшээ багийнхан Сингапур, Хонконг, Гуам, Малайз, Тайландын багтай F хэсэгт багтсан. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард урьдчилсан I шатны тэмцээнд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн билээ. Манай тамирчид Хонконгийн багийнхантай хоёрдугаар сарын 24-нд, 25-нд Сингапур, 26-нд Гуамын сагсан бөмбөгчидтэй тоглоно. F хэсэгт өрсөлдөх зургаан багаас дөрөв нь 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрх авах юм. Сонирхуулахад, “Парис-2024” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрх олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр шилдэг найман баг өрсөлдөнө. Эрх авах шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. Ирэх арваннэгдүгээр сарын чансаагаар эхний гурван байрт жагссан багийнхан олимпын эрх өвөртөлнө. Гэхдээ эхний гуравт жагссан ч эрх шууд авчихна гэсэн үг биш. Зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхаа аль нэгийг шууд оролцуулах эрхтэй. Тиймээс эхний гуравт эрэмбэлэгдсэн аль нэг баг хасагдах магадлалтай. Одоогоор Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан дэлхийд чансаагаараа V, эмэгтэйчүүд ХI байрт бичигдэж байгаа.