ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн эмзэг малчин өрхийг хамгаалах нь”, “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Эхний төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдэд яаралтай тусламжийн багц олгох аж. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан аймгийн зудын эрсдэл нэн их болон их 158 сумын эмзэг бүлгийн 510 өрхөд малын тооноос нь хамаарч 350-750 мянган төгрөг буюу айл бүрт 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг худалдаж авах бэлэн мөнгө, гурван кг эрдэс, витамины “Амин тун” бэлдмэл өгөх гэнэ. Мөн өвөл, хаврыг өнтэй давахад малчдад өгөх зөвлөмжийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хүргүүлж, сургалт зохион байгуулахыг салбарын яамнаас мэдээлэв. 223 мянган ам.долларын санхүүжилттэй дээрх төсөл зургаан сарын турш үргэлжлэх аж. Тэгвэл нэг сая ам.долларын санхүүжилттэй “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх нь.
Бэлтгэсэн Б.Сонор