Улаанбаатар хот – АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих юм.
Зуд болон хэт хүйтний байдал мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгааг Элчин сайдын яамнаас анхааралтай ажиглаж байдаг. Тусламжийн талаар АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм” гээд, тэрээр “Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэлээ.
Монгол Улсын ард иргэдийн зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд жилийн турш хэрэгждэг урт хугацааны хөтөлбөрүүдийг АНУ-ын ОУХА-аас явуулдаг билээ. Эдгээр хөтөлбөрүүдэд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтан албан хаагчдыг сургах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран гамшигт үзэгдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, малын өвчлөлийн тандалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах дэмжлэг багдаг.
АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дэмжуулан эрсдэлт бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байна. 2010 оноос хойш ОУХА-аас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ.