Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 12 хүртэлх насныхны эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй клубүүдийн баг оролцлоо. Хасагдах шатны тоглолтод эрэгтэйчүүдийн багаас алтан медалийн төлөө “93 дугаар сургууль-2” багийнхан “Модун-2”-ынхонтой ширүүхэн өрсөлдөж 11:10-аар илүүрхэн, аваргын цом гардав. Тэгвэл “Өмнөговь-2”-ынхон нутаг нэгт “Өмнөговь-1”-ийн тоглогчдыг 14:9-өөр буулган авч, хүрэл медалийн болзол хангалаа. Эмэгтэйчүүдээс “Өмнөговь” багийнхан “А82 өнөр-1”-ийнхнийг 9:8-аар хожиж, алтан медальтай нутаг буцжээ. Энэ удаа “Хос мастер”-ынхан “Төгс шонхрууд-1”-ийнхнийг 4:3-аар ялж, хүрэл медаль хүртсэн байна. Тус тоглолтын дараа 16 хүртэлх насныхны үндэсний АШТ энэ сарын 26-28-нд болно. Тэмцээнд оролцсон тамирчдыг “MBA сare” хөтөлбөрт хамруулж, дээд лигийн тоглолтыг үзүүлэх юм байна.
Сонирхуулахад, “Парис-2024” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрх олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр шилдэг найман баг өрсөлдөнө. Эрх авах шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. Ирэх арваннэгдүгээр сарын чансаагаар эхний гурван байрт жагссан багийнхан олимпын эрх өвөртөлнө. Гэхдээ эхний гуравт жагссан ч эрх шууд авчихна гэсэн үг биш. Зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийнхаа аль нэгийг шууд оролцуулах эрхтэй. Тиймээс гуравт эрэмбэлэгдсэн аль нэг баг хасагдах магадлалтай. Одоогоор Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан дэлхийд чансаагаараа V, эмэгтэйчүүд ХI байрт бичигдэж байна.