Ардчилсан нам (АН)-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр АН-ын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай горимоор батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар өчигдөр сэтгүүлчдийн группт зар оруулсан. Гэтэл зар оруулсны дараа АН руу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, хэвлэлийн бус хэр нь МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу болж байна вэ. Манай намын гишүүд Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа, эдэлсээр ч байх болно. Улсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр олон залуу манай намд бий. Тийм учраас бид ЦХХХЯ, МАН-аас хэзээ ч айхгүй. Өчигдөр ирүүлсэн сануулга шиг зүйл манай нам руу дахин битгий явуулаарай хэмээн шаардаж байна. Бүхэл бүтэн улс төрийн нам руу ийм халдлага ирж байгаа юм чинь Монгол Улсын жирийн иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд нь ямар дайралт хийдэг болох нь тодорхой. Шударгаар ажиллаж байгаа зуу зуун сэтгүүлчдид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө битгий боомилуулаарай" гэв.
АН-ынхан сэтгүүлчдийн группт "С.Зориг агсны хөшөөтэй АН-байранд 11.30 цагаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хуралтай" хэмээх зар тавсан билээ.