Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус намын ҮБХ-ны 300 гаруй гишүүн санал хураалтад оролцож, намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохыг дэмжлээ. Хурлаар саналын эрхтэй 293 гишүүн оролцжээ. Санал хураалтын дүнгээр Сангийн сайд асан С.Баярцогт 129, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152 буюу 51.8 хувийн санал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал авчээ. Санал хураалтын дүн гарсны дараа АН-ын дарга Лу.Гантөмөр "Ардчилсан нам буцаад сэргэн мандана гэдэгт итгэлтэй байна. Намайг дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Эвлэрлийн хурлыг амжилттай зохион байгуулсан АН-ын бүлэгт баярлалаа. Монголын ардчилалыг аврах хурал болсон гэдэгт итгэлтэй байна. Гурван нэр дэвшигчдээ баярлалаа. Онцгойлон намаа аврахаар нэгдсэн С.Баярцогт гишүүндээ халуун баяр хүргэе" гэв.
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар
Боловсрол:
1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд