Монголын чөлөөт бөхийн өсвөр үе, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах, дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд бэлдэх, клубүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 17, 22 насныхны анхдугаар лигийн тэмцээн зохион байгуулж буй. Үүнд 10 баг тойргоор өрсөлдөж байна. Ирэх гуравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх уг лигийн барилдаан долоо хоног бүр болох юм. Тэмцээний салхи хагалж 17 насныхныхоёр, 22 насныхны нэгдүгээр тойргийн халз барилдаан болсон. “Төв арж” багийнхан эхний тойргийн барилдаанд яллаа. Энэ сарын 20-нд болох дараагийн халз барилдаанд 17 насныхнаас Төв аймгийн багийнхан Спортын төв сургуулийнхантай өрсөлдөнө. 20 насныхнаас Спортын төв сургуулийнхан Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн бөхчүүдтэй хүч сорих аж. Чөлөөт бөхийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Парис-2024” олимпын наадмын эрхийг гурван үе шаттай олгох нь. Эхнийх нь Сербийн Белград хотод ирэх есдүгээр сард болох ДАШТ. Эл тэмцээний олимпын жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрх өвөртлөх юм. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах аж. Үүнээс гадна дараагийн боломж нь олимпын эрх олгох тивийн АШТ юм. 2024 онд зохион байгуулах тус тэмцээнд жин бүрт эхний хоёр байр эзэлсэн тамирчдад эрх олгоно. Тэгвэл хамгийн сүүлчийн боломж болох ДАШТ-д мөн эхний хоёр байр эзэлснээр эрхээ авах юм.