УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, инфляцын нөхцөл байдлын талаар Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсжээ.
Мөн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсныг бүлгийн гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хувьд дэмжсэн байна. Олон нийтийн сүлжээгээр гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй байхаар төсөлд заажээ. Мөн олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн эрх, үүргийг тогтоож, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс гомдол, мэдээлэл, тайлбар авах зохицуулалт оруулсан байна. Тухайлбал, Монгол Улсаас бүртгэлтэй 300 мянга буюу түүнээс дээш хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар байгуулах гэнэ. Улмаар хэрэглэгчийг баталгаажсан утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар бүртгэх, зөрчилтэй контентын талаарх хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, долоо хоногийн дотор хянан шийдвэрлэхээр тусгасан байна.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.
Бэлтгэсэн Б.Уран