Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 31, холимог багийн ес дэх удаагийн УАШТ Монгол бөхийн өргөөнд гурван өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллага, клубийн 283 тамирчин оролцов. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, эмэгтэйчүүдээс 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар алтан медалийн төлөө хүч сорьсон. Улсын аваргад тус бүр нэг удаа түрүүлж байсан тэд өмнө нь ч шигшээд таарсан удаатай. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багт хамт бэлтгэл хийж, тив, дэлхийн тэмцээнд зодоглодог тэднийэнэ удаагийнтулаандБ.Баасанхүү ялж улсын хошой (2022, 2023) аваргаар тодорсон юм.
52 кг-д Л.Сосорбарамыг аваргын төлөө илүүрхэх жүдоч байсангүй. Учир нь түүнтэй эн тэнцүү өрсөлддөг Б.Хорлоодой АНЭУ-ын нэрийн өмнөөс (легионер) барилдахаар тус улсыг зорьжээ. 57 кг-д М.Ичинхорлоо түрүүлж, алтан медаль зүүв. Нэг жингийн хүчтэнүүдээс нь Б.Алтанцэцэг өнгөрсөн жил АНЭУ-д легионер тамирчнаар хөл тавьж, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн энэ удаа өнжсөнөөр аваргын түрүү түүнийх боллоо. 63 кг-д Б.Ганхайчийг медалийн төлөөх барилдаанд буулгаж авах хүчтэн мөн л гарсангүйхоёр дахь алтан медалиа зүүв. 70 кг-д Б.Баасанжаргал тэргүүлж, -78 кг-д Монголын жүдо академийн тамирчин О.Хүслэн улсын гурван удаагийн аварга Ц.Батцэцэгийг хожин, тус жинд хойшид ч хүч сорих “шанс” бий гэдгээ харууллаа. О.Хүслэн Японоос эх орондоо ирж, УАШТ-д өрсөлдсөн юм. +78 кг-д Б.Номинзул түрүүлж, М.Ууганжаргал мөнгө, Э.Жаргалмаа хүрэл медалийн эзэн болов.
Жил бүрийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн барилдаан өрсөлдөөнтэй болдог тул үзэгчдийн сонирхлыг их татдаг. Энэ удаа ч гэсэн жүдогийн хорхойтнууд дэмждэг бөхөө түрүүлнэ гэж дээлийнх ньзахыг мушгиж суусан нь лавтай. 60 кг-д Б.Сүхбат ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболдыг илүүрхэн, тэр эрчээрээ барилдаж, өрсөлдөгчдөө ялж тэргүүлсэн. Уг жинд Э.Сумъяабазар мөнгөн медаль гардлаа. 66 кг-д Б.Эрхэмбаяр аварга болно гэж тааварласан олныг итгэл найдварыг гонсойлгосонгүй. Түүнтэй Л.Өнөболд аваргын түрүү булаалдаж, удаалав. Тус жин дотоодын өрсөлдөөн ихтэй, шилдэг бөх олонтой. Тухайлбал, Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, Г.Хэрлэн, Д.Алтансүх гээд олон улс, тив, ДАШТ-д зодоглодогшилдгүүдөрсөлддөг билээ. Шилдгүүдээс Ё.Басхүү 2018, 2019 онд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа мөн өнжиж, ОУХМ Г.Хэрлэн, Г.Галмандах нар хамт хүрэл медалийн тавцанд зогссон. Сонирхуулахад, УАШТ-д 11 удаа аваргалж, “Афин-2004” олимпын наадмаас хүрэл медаль хүрсэн, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайлж, тамирчны замналаа өндөрлүүлэв. Түүнд жүдогийн ертөнцийг шуугиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн олон амжилт бий.
73 кг-д Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны шилдгүүд барилдсан юм. Тэднээс Б.Эрдэнэбаяр аварга болж, тус клубийн дасгалжуулагч Д.Алтансүх хүрэл медаль зүүсэн. 81 кг-д Б.Батболд жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдөөс Г.Болор-Очирыг хожиж, улсын хошой аваргаар тодров. 90 кг-д аваргын төлөө Г.Пунцагцэрэн Гавьяат тамирчин О.Ууганбаатарыг буулган авч олныг огшоолоо. -100 кг-д Б.Гончигсүрэн алтан медаль атгаж, О.Хангал аман хүзүүдсэн. +100 кг-д Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, ОУХМ О.Цэцэнцэнгэл нар учраа таарсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Энэ удаа Ө.Дүүрэнбаяр олон жил барилдсан туршлагаа харуулж, аваргаар шалгарлаа. Сүүлчийн өдрийн тэмцээн багийн барилдаанаар үргэлжилж, үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн “Алдар” спорт хорооныхон алтан цом өргөв. Тэгвэл “Хилчин”-ийнхэн мөнгө, “Женко-1”, “Женко-2” багийнхан хүрэл цом гардлаа.