Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,
Нийслэл хотод зөвшөөрөлгүй барьсан барилгын жагсаалт болон голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилга, байгууламжийн жагсаалт, олгосон газар зэргийг цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах.
Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж ажиллахыг тус тус үүрэг болгов.