УИХ дахь АН-ын бүлгээс байгуулсан Эв нэгдлийн ажлын хэсгийнхэн Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаа өнгөрсөн баасан гарагт хийлээ. Тус хорооны 400 гаруй гишүүнээс 314 нь эл хуралд оролцсоныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэв. Тухайлбал, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, С.Баярцогт, Л.Гүндалай, Л.Гантөмөр, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, саяхныг хүртэл С.Эрдэнийн талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсан М.Тулгат, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр нар ч тус хуралд иржээ. Хуралд оролцогчид өөрсдийгөө С.Эрдэнэ, эсвэл Х.Баттулга гэх мэт хэн нэгний талыг баримтлагчид биш гэдгээ онцолж байлаа. Ийн тэд АН-ын даргыг сонгох журмыг баталсан юм. Улмаар энэ сарын 19-нд ээлжит бус их хурлаа товлон, намын даргаа сонгохоор шийдвэрлэсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар намын даргын сунгаанд өрсөлдөнө гэдгээ ч мэдэгдээд амжив. Мөн Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг сонгожээ.
Харин эл хурлыг хууль бус хэмээн эсэргүүцэж буй АН-ынхан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба тэгш бус байдлыг арилгах нь” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг мөн энэ өдөр хийсэн юм. Энэ үеэр С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тавьсан илтгэлдээ “АН өнгөрсөн 30 жилийн Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн, 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, парламентын ардчиллыг хамгаалах, засаглалыг бэхжүүлэх, тогтолцоог хөгжүүлэх өнөөгийн хэрэгцээ шаардлага, үндэсний аюулгүй байдлын орчин, тогтвортой хөгжлийн сорилт, авлигын аюулыг мэдэрч, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн саналаа боловсруулахаар ажиллаж эхлээд байна” гэв.
Ташрамд дурдахад, өмнөх өдөр нь болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар АН- тай холбоотой өргөдлүүдийг буцаагаад буй. Тодруулбал, өнгөрсөн сарын 6-нд хийсэн АН-ын ээлжит бус XV их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг С.Эрдэнээс ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан И.Мөнхжаргалаас “...хууль бусаар хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаас зарласан намын их хурал хүчингүй” гэх агуулгатай мэдээллийг Дээд шүүхэд гаргасан юм байна. Нийт шүүгчийн хуралдаанаар АН-ын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж, эдгээрийн аль алийг нь хүлээн авахаас татгалзжээ.