Өмнөговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Тус аймгийн 15 сумын 59 багт 6,584 малчин өрхийн 2.6 сая толгой мал өвөлжиж байна. Аймгийн хэмжээнд 91,000 боодол өвс, 20,000 шуудай тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр тараажээ.
Энэ талаар Өмнөговь аймгийн ХХААГ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ "Манай аймгийн хэмжээнд өвөлжилт хүнд байна. Нийт нутгийн таван хувь нь өвстэй, 35 хувь нь дунд зэрэг, 60 хувь нь тааруу байгаа.
Мал сүргийн 60 хувь нь дунджаас доош тарга хүчтэй байгаа бол 40 хувь нь дундаж орчмын тарга хүчтэй байна. Энэ жил отор нүүдэл их байгаа бөгөөд 1,500 малчин өрхийн 800,000 мал отроор өвөлжиж байна. Ялангуяа, Дундговь аймаг руу ихэнх малчид отроор явсан.
Өвлийг гарз хохирол багатай давахын тулд тарга хүч сайн аваагүй малд зайлшгүй нэмэлт тэжээл өгөх шаардлагатай" гэсэн юм.