“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг 2023 оны нэгдүгээр сарын 16-нд 11.00 цагт АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн өргөө танхимд болох гэнэ.
Улаанбаатар хотын агаар дахь хүнд, хортой элементүүдийн эзлэх хувь өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдэн, гамшгийн хэмжээнд хүрээд байгааг бид нийтээрээ мэдэж буй. Тэр дундаа агаар дахь хүний эрүүл мэндэд хамгийн хортой нэгдэл болох хүхрийн давхар исэл (SO2)-ийн хэмжээ энэ оны эхний өдрүүдэд 660 мекрограмм/м3-д хүрч, онц ноцтой хэмжээнд хүрлээ.
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийнхний мэдээлснээр агаар дахь хүхэр 28.6 микрограмм/м3-аас хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдаг юм байна. Тэгвэл утаа ихтэй өдрүүдэд нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ байнга шахам 23-25 дахин их заадаг болжээ.
Иймд эрүүл мэндийн сэтгүүлчид агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, салбар салбарын төлөөллүүдийг цуглуулан, хамтдаа гарц гаргалгаа хайхаар “Угаартсаар байх уу, улаанбаатарчууд аа” хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна.
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл, байдал, шахмал түлшний найрлага, утааны эсрэг зарцуулсан болон энэ онд төсөвлөсөн хөрөнгө оруулалт, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэргийг нэг дороос тоо баримт, судалгаа, шинжилгээнд тулгуурлан далайцтай хөндөхөөр зорьж байна.
ОРОЛЦОГЧИД:
• Байгаль, орчин аялал жуулчлалын яам
• Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
• Нийслэлийн онцгой байдлын газар
• Хүний эрхийн үндэсний комисс
• Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
• Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
• Монгол улсын их сургууль
• Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
• Хавдар судлалын үндэсний төв
• НҮБ-Хүүхдийн сан
• Монгол нүүрс ассиоциаци
• Breathe Mongolia ИНБ
• Монголын байгаль орчны иргэний зөвлөл
• Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо
• Байгаль орчны сэтгүүлч
• Хүний эрхийн хуульч
• Иргэдийн төлөөлөл
• Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл
• Хэвлэл мэдээллийнхэн
Лавлах утас: 99106580