УИХ дахь АН-ын бүлгээс санаачлан байгуулсан Эв нэгдлийн ажлын хэсгийнхэн Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааныг өнөөдөр хийнэ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлэл өчигдөр хийлээ. Тэд мөн АН-ын асуудлаар Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад буй. И.Мөнхжаргал “Зөвшилцлийн ажил эрчимтэй өрнөж байгаа. Эв нэгдлийн ажлын хэсгийнхэнтэй уулзан, тодорхой саналаа хэлж, АН-ын дүрэмд нийцүүлэн ажиллахыг уриалсан. АН-ын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороог хуралдуулах эрх бүхий гурван субъект бий. Гарын үсэг цуглуулж Үндэсний бодлогын хороог хуралдуулахыг хүсэж байгаа бол эрх бүхий байгуулагад хандаж, зарлах ёстой. Маргаашийн (өнөөдөр) хурлаас гаргасан шийдвэрийг АН хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн бол Д.Эрдэнэсувд “Эв нэгдлийн ажлын хэсгийнхэнтэй уулзахад Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хамтран зохион байгуулах санал тавьсан. Дүрмийн хүрээнд хийгээгүй хуралд Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна” хэмээгээд өнөөдрийн хуралдаанд оролцохгүй байхыг уриалав.