Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын аргазүйчээр ажиллаж байсан Л.Төмөрсүхэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгч, хүүхдийнхээ ангийг солиулсан, тус сургуульд элсүүлсэн эцэг, эхчүүд нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурортоо гаргасны дагуу шүүх хэлэлцсэн аж.
АШУҮИС-д аргазүйч асан, өдгөө хувийн нэгэн лаборатори байгуулан ажиллаж буй Л.Төмөрсүх нь А.М-г тус сургуулийн хүний их эмчийн ангид элсүүлэхээр амлаж, ээж Б.Б-ээс нь 2020 оны наадмаар нийт таван сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулан авснаа хүлээсэн байна. Мөн А.С-г дээрх сургуулийн эм зүйн ангиас нүүр ам судлалын ангид шилжүүлэхийн тулд П.П гэдэг хүнээр дамжуулж эхнэрийнхээ дансаар долоон сая төгрөг авсан нь тогтоогдсон гэнэ. Энэ хоёр оюутнаас гадна 2021 онд АШУҮИС-д элсэхээр бүртгүүлсэн 18 оюутныг суралцуулах болон ангийг өөрчлөн сольж өгөхөөр амлаж Ж.У гэх хүнээр дамжуулан мөн оны есдүгээр сарын 1-нд 12 сая төгрөг эхнэрийнхээ дансаар дамжуулж авсан нь батлагдсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Төмөрсүх болон түүнд хахууль өгсөн, зуучилсан Б.Б, П.П, Э.А, О.Д нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.