Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор "ХАР-УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР"-ыг энэ сарын 21-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин”, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах юм. Мөн Монгол Улсад зохион байгуулах арга хэмжээний хуанли батлагдсаны дагуу шинэ оны хамгийн эхний гадна, дотнын жуулчдад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн засаг даргын тамгын газар ажиллаж байна.