Барилга хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан энэ сарын 9-нд боллоо. Шуурхай хуралдааны эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Хуулийн хэлтсийн дарга Б.Нямдорж танилцуулав. Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах бодлого, арга хэмжээний хүрээнд сайд Ц.Даваасүрэн яам, харьяа байгууллага, төслийн нэгжийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Орхоны хөндийд байгуулах шинэ хотын урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай нарийвчлан танилцуулах;
Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлын явцыг, нийслэл хоттой хэрхэн хамтарч, уялдуулж байгаа талаарх мэдээллийг яаралтай өгөх;
Газрын багц хуулийн төсөл дээр гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудыг сайтар нягталж ажиллах;
Барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүхий л үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;
Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь рүү шилжүүлэх бодлогын хүрээнд хийгдсэн зөвшилцөл, ажлын мэдээллийг танилцуулж, дахин оруулж ирэх;
Харьяа байгууллагууд болон аймгуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг эцэслэн танилцуулах;
Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төсөл /ХАНСХЕТ/-нд анхаарч ажиллахыг үүрэгдэв.