Цэцэрлэгийн насныхан болон бага ангийн сурагчдад зориулсан сургалт, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, үзэгчдийн оролцоот жүжиг тоглодгоороо онцлог “Бүтээлч Бамбүү” театрынхан бас нэг шинэ санаачилга гаргажээ. Тэд сурагчдын амралтад зориулан, 6-19 насныхны дунд энэ сарын 12-ноос “Бүтээлч кэмп” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Долоо хоногийн пүрэв, баасан гарагт хичээллэх уг хөтөлбөр нь хүүхдийн танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих сургалт, чөлөөт тоглоомуудаас бүрджээ. Сурагчид үүнд хамрагдсанаар хүүхдийн иогт явж, гар урлалын хичээлд суух, драмын хөтөлбөр буюу үзэгчдийн оролцоот жүжигт тоглож, үлгэрийн цагаар аялах боломжтой. Мөн богино хэмжээний кино үзэж, өөрт төрсөн сэтгэгдэл, ойлгосон зүйлээ үеийн найзуудтайгаа хуваалцан, лего тоглоомын тусламжтайгаар сэтгэн бодох, зохион бүтээх чадвараа үнэлүүлэх нь. Бага насны хүүхдийн сониуч сэтгэлгээ, бүтээлч байдлыг чөлөөтэй тоглох орчноор дамжуулан хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг “Бүтээлч Бамбүү”-гийнхэн онцоллоо.