Монголбанк болон Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд хамтран байгаль хамгаалах, мод тарих, нөхөн сэргээх, ойжуулах, цөлжилттэй тэмцэх бичил төсөл, хөтөлбөрүүдэд буцалтгүй тусламж, санхүүжилт олгох зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулаад буй. Тэгвэл тус сан төсөл шалгаруулах хөтөлбөр зарлаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал хүлээн авч эхэлжээ. Эхний ээлжид гурван чиглэлийн төсөлд санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Тодруулбал, нийслэл дэх төрийн өмчит цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийг ногоон байгууламжтай болгох зорилготой 20 хүртэлх тооны төсөлд 30, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт, мод тарих чиглэлийн 10 төсөлд 100, иргэдэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох 10 төсөлд 20 сая төгрөгийн санхүүжилт олгох гэнэ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн удирдлага, менежментийг Монголын тогтвортой санхүүгийн холбоо хариуцан ажиллаж буй аж.