Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт, улсын хилийн зурвас газар луу “Зил-131” автомашинтай хүмүүс энэ сарын 4-нд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Эл аймаг дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийнхан тус аймгийн Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнуудын хамт тухайн автомашиныг саатуулан шалгахад 11 хүн хуш модны самар ямар ч зөвшөөрөлгүйгээр хилийн бүсээс бэлтгэсэн нь батлагджээ. Улмаар хилийн дэглэм зөрчсөн дээрх 11 хүнийг тэндээс буулган, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Дээрхээс гадна улсын хил зөрчсөн тохиолдол Увс аймагт өнгөрсөн долоо хоногт гарсан гэнэ. Тус аймгийн аруунтуруун сум дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 4-нд морьтой хүн ХУ-ын нутаг руу хил зөрчин ороод буцаж ирснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд илрүүлэн саатуулсан аж. Түүнийг өдгөө Увс аймаг дахь тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм.