Гишүүн Ч.Ундрамтай холбоотой цөөнгүй гомдлыг иргэдээс УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирүүлснийг парламент дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дуулгав. Гомдлуудыг хүлээн авч, шийдвэрлэх ёстой ч үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь ч мэдэгддэггүй, усанд хаясан чулуу шиг байдаг тус байнгын хорооныхон энэ талаар хэзээ ярих вэ гэдэг нь тодорхойгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд лав алга.
Хэлэлцлээ гэхэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нь гишүүн Б.Баттөмөр. “Нүүрсний” гэх хэрэгт холбогдоод сандарч яваа тэрбээр байнгын хорооныхоо хэлэлцэх асуудалд анхаарал хандуулах сэхээгүй байгаа биз. Тэгээд ч хулгайн хэрэгт орооцолдож, хууль, хяналтын байгууллагын хаяа сахиж байгаа хүн хэн нэгний үйлдлийг ёс зүйтэй байсан, эсэхийг шүүж суух нь харин ч ёс зүйгүй хэрэг.
Ер нь тус байнгын хорооны гишүүдийн ёс зүйг эхлээд ярих нь илүү зүйтэй мэт. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдэдээ гар хүрсэн Ч.Ундрамын ёс зүйг эхнэрээ зодож, “эрүүлжүүлэх”-д морилж явсан Ж.Мөнхбат яримааргүй байгаа юм. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 10 гишүүний нэг Х.Баделхан гэхэд Баян-Өлгийн хамаг тендерийг төрөл садан, үр хүүхдээрээ нийлж авдгийг нутгийнхан нь ч, намынхан ч ярьдаг. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Ёс зүйн дэд хороо байхаас нь парламент дамжуулан удирдчихаад “сахилгагүй гишүүдээ хүмүүжүүлээгүй”, үүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй Б.Бат-Эрдэнэ гишүүн бас тэнд байсаар л буй. Тэрбээр сайд боллоо гэж саяхан байнгын хорооны даргаас чөлөөлөгдсөн ч ийн “орон тоо” бөглөсөн хэвээрээ. Авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлчихээд УИХ-д “орж” ирсэн Ш.Адьшаа гишүүн ч эл байнгын хороонд харьяалалтай. Бас Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон дуулианд холбогдсон С.Бямбацогт гишүүн ч Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд бий.
Үнэндээ гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооныхон нэг ч удаа хуралдаж, ярилцаагүй. Гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага хөндөгдсөн асуудал үүсэхэд барьж авч чадалгүй өдий хүрлээ. ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон хэрэгт хүртэл хэнд нь ч ёс зүйн хариуцлага тооцох нь битгий хэл, ам ангайсангүй. Үүгээрээ, гишүүдийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлийг зүгээр л харж сууснаараа тэднийг хамгаалж байна. Гэтэл үнэндээ гишүүд нь Ёс зүйн дүрмээ ягштал баримталдаг уу гэвэл үгүй. Магадгүй хамгийн ёс зүйгүй, юугаа ч худалдахад бэлэн, хулгайч, луйварчин хүмүүс төрд, эрх барих дээд байгууллагад нь тухалж, шургалчихсан гэж бодож, итгэдэг иргэд өдрөөс өдөрт олширч, тэр хэрээр эсэргүүцэл, шүүмжлэлээ янз бүрийн хэлбэрээр илэрхийлэх болсон нь тэдэнд тавьж буй бодит дүн юм. Бүр бэлгийн хүчирхийллийн талаарх гомдлуудыг ч хэлэлцээгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эмэгтэйчүүдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл бараг бүхий л сувгаар тарж, амтай болгон ярьж байхад хариуцсан байнгын хорооныхон таг чимээгүй өнгөрүүлсэн. Ингэхдээ хууль, шүүхийн байгууллагаар шалгаж байгаа хэрэгтэй холбоотой гэх шалтгаанаар гомдлуудыг хав дарж орхидог. Тодруулбал, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.3.6-д “Гишүүний ёс зүйн зөрчлийн асуудал нь хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдолд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өргөдөл, гомдол, мэдээллийг хянан үзэхгүй” хэмээх заалтаар бамбай хийдэг гэсэн үг.
АРАВ. УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх
10.1. Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой дараах гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авна:
10.1.1. УИХ-ын даргын нэр дээр иргэд, хуулийн этгээдээс гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл;
10.1.2. Байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл;
10.1.3. авлига, ашиг сонирхлын зөр- чилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл гишүүн байнгын хороонд шалгуулахаар бичгээр хандсан хүсэлт;
10.1.4. УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээ, тайлан.
10.2. Байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл,гомдлыг шийдвэрлэх тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хянан шийдвэрлэнэ.
10.3. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо дараах өргөдөл, гомдол, мэдээллийг хянан үзэхгүй:
10.3.1. нэр, хаяг, гарын үсэггүй өргөдөл, гомдол, мэдээллийг УИХ-ын дарга, байнгын хорооноос хянан үзэхгүйгээр буцаана;
10.3.2. гишүүн тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс өмнөх хугацаанд гарсан ёс зүйн зөрчлийн асуудлаар хандсан гомдол, мэдээлэл;
10.3.3. гишүүний нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон асуудлаар эрх нь зөрчигдсөн этгээдээс бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл;
10.3.4. гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой тухайн асуудлаар өмнө нь хандаж, албан ёсны хариу авсан бол;
10.3.5. гишүүн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж хэвлэлийн хурал хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйсан бол;
10.3.6. гишүүний ёс зүйн зөрчлийн асуудал нь хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдолд.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээс
Уг нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгатай холбоотой асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хууль тогтоогчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, хуралдааны ирцийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Зөвхөн өргөдөл, гомдолд үндэслэн гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэх бус, шаардлагатай тохиолдолд “санаачилгаараа” авч ярилцах боломж тэдэнд бий. Жишээ нь, одоогийн УИХ бүрдээд удаагүй байхад буюу 2020 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар төмөр замын байгууллагын дарга нарыг хууль биелүүлж ажиллахыг хатуухан анхааруулсан нь хэрүүл болж хувирсныг санаж буй биз ээ. Тухайн үед тэдгээр гишүүнээр төмөр замчдаас уучлал гуйлгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлага Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос шаардсан юм. Харин тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаан зарлах нь битгий хэл, гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай уулзаж, ярилцаагүй атлаа тэдэнд сануулга өгсөн, цаашлаад УИХ дахь намын бүлгийн хэмжээнд эл асуудлыг авч хэлэлцэхээр болсноо “Улаанбаатар төмөр зам”-ынханд албан бичгээр уламжилсан нь ил болж байлаа. Өөрөөр хэлбэл, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нь хүссэн, мэдэрсэн байхад л олныг хамарсан, нийгмийн сүлжээнд ч атугай хөдөлгөөн өрнүүлэх хэмжээнд иргэдийг цочроосон асуудлыг өргөдөл, гомдол хүлээлгүйгээр барьж авч, хэлэлцэх боломжтой нь эндээс харагдана.
Энд нэг талаас хариуцсан байнгын хороог нь онцлоод байгаа ч УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй, сахилга хариуцлагатай холбоотой асуудалд хууль тогтоох байгууллага тэр чигээрээ хөшүүн, хойрго ажилласаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь. Нэгэнт хүний суурь хүмүүжил, эцэг, эх, гэр бүлээс олж авсан ёс зүй, төлөвшлийг УИХ өөрчлөхгүй ч парламентад ямар хүмүүс байх ёстойг мэдрүүлж, ёс зүйн алдаа гаргасан бол зохих хариуцлагыг нь үүрүүлэх боломж байсан уу гэвэл тийм. Харамсалтай нь, хоёр парламент дамжин спикерээр ажиллаж буй УИХ-ын дарга Г.Занданшатар, эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх нарын албан тушаалтныхамгийн онцолдог зүйлсийн нэг нь төрийн албан хаагчид, тэр дундаа гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага атал ярихаас хэтэрсэнгүй. Дарга нарын хөмсгөө зангидаж, хөмхий зуун хэлдэг үгс ажил хэрэг болсонгүй. Үнэндээ 76 гишүүний хэн нь ч эрэгтэй, эмэгтэй гэлтгүй, цаашлаад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг, эсэхээс үл хамааран үгээ хэлсэнгүй. Ичгүүрээ барсан үйлдэлд холбогдсон нэгнээсээ шударгаар тайлбар нэхэж, гэмтэй бол нэг танхимд сууж чадахгүй гэдгээ шулуухан хэлчих гишүүн байсангүй.
Үнэндээ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо бусад шигээ бүх хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцдоггүй, ачаалал багатай. Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаагүй гэвэл худлаа хэлсэн болох байх. Ингэхдээ зохион байгуулалтын шинжтэй, эсвэл заавал хэлэлцэх ёстой гэдэг шалтгаанаар хуралдсан байгаа юм. Ердөө л жил бүрийн улсын төсөв, үндсэн чиглэл гэх мэт бодлогын баримт бичиг, бас сар бүр баталдаг хэлэлцэх асуудлын цаглаврыг УИХ-ын бүх байнгын хороогоор хэлэлцэх дэгт захирагдан цөөн хэдэн минут хуралдаад тарсан байгаа юм. Мөн байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ, бас Б.Баттөмөр нарыг сонгох гэж цуглажээ. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонссон аж. Хамгийн гол нь яг жил гаруйн өмнө УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаа тэд ихээхэн онцолдог. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж хэд хэдэн удаа хуралдсан байна. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг санаачилж, өргөн мэдүүлээд буй. Тэднээс заримынх нь ёс зүй, ямархуу ажиллаж ирснийг эхэнд дурдсан. Ё.Баатарбилэг гишүүн гэхэд л авлигын хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын тогтоол хүлээж авсан ч тогтож үлдээд байгаа. Мөн гишүүн Ч.Ундрам Гэр бүлийн тухай хулийн шинэчилсэн найруулга болон Боловсролын багц хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн юм билээ. Хүүхдээ зодож байгаа бичлэг нь нэгэнт ил болсон байхад энэ хүн гэр бүл, боловсрол ийм байх ёстой, хуулийг нь гайхалтай сайн болгоно гэж ярих эрхгүй. Ерөөсөө л өөрсдөө ёс зүйн хувьд асар их доголдолтой харагддаг, нэрээ нэгэнт сэвтүүлчихсэн хүмүүс өрөөлийг ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байлгах зарчим, бодлого яриад байгаа нь шударга биш ээ.