Согтууруулах ундаанд хуурамч акц нааж, татвараас зайлсхийдэг хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагынхан удаа дараа илрүүлж, шалгаж байгаа тухай мэдээлэл цацагддаг. Заримыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн.
Тэгвэл хойд хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс дэх татваргүй барааны дэлгүүрээс их хэмжээний архи авч, хуурамч акц наан, нийслэлд авчран борлуулж их хэмжээний ашиг олдог томоохон сүлжээ бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, иргэн А нь хэд хэдэн хүнтэй хамтран Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс импортын виски, архи согтууруулах ундаа олноор нь худалдан авч, онцгой албан татварын хуурамч тэмдэгт нааж, татвар төлөхөөс зайлсхийн, ашиг олж мөнгө угааж байсан аж. Шалгалтаар импортын 9800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт хураан авч, мөрдлөгөөүргэлжлүүлж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.