УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн пүрэв гаргийн орой ЭЦА-ныхан их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулсан нь өдгөө олны анхаарлын төвд байна. Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Төмөр замын албан тушаалтнуудыг шалгах ёстой” гэсэн санаа дэвшүүлсний дараахан ийнхүү түүнийг шалгаж эхэлсэн юм.
Бидний авсан мэдээллээр тэрбээр өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байхад нь ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. С.Батдөл 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон нэгэн бөгөөд богино хугацаанд асар их баяжсан гэдгийг УБТЗ-ынхан шивэр авир гэлцдэг. Тэгвэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхийачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн дарааллыг зохицуулж хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүйүл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэд хэдэн гэрээ хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна. УБТЗ-д ажилладаг эх сурвалжуудын өгүүлснээр “БНХАУ-руу нүүрс экспортолж байгаа компаниудын удирдлага төмөр замын албан тушаалтнуудад нэг цуваа буюу 50 вагон нүүрс явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль өгдөг гэдэг нь үүгээр батлагдаж байна” хэмээв.
Түүнийг яллагдагчаар тооцон өнгөрсөн баасан гарагт үргэлжлүүлэн цагдан хориулах хүсэлт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүгч Г.Золбоо С.Батдөлийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг нь хангаж, даваа гаргийн 10.00 цагт таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх хурлыг хийхээр болсон юм байна.
Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийхээ хүрээнд түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. С.Батдөлийг шүүхээс сулласан хэмээн цахим хуудсуудад мэдээлж буйтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо бодит байдлыг Тамгын газраараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр “2023 оны нэгдүгээр сарын 6-ны 17.10 цагийн үед НПГ-ын хяналтын прокуророос С.Батдөлдд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ шүүхэд ирүүлсэн бөгөөд яллагдагч С.Батдөл ч “Өмгөөлөгчийн хамт оролцоно” гэсэн хүсэлт гаргасан. Тиймээс яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 09-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан. Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос энэ талаар шүүгч тодруулахад “Сэжигтнээр баривчлаагүй” гэсэн тайлбар гаргасан болно” хэмээсэн байв.
Бидний авсан мэдээллээр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд л гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасантай нь ч мөрдөгчийн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд С.Батдөлийг ял шийтгүүлж байсан нэгэн хэмээн бичиж буй бөгөөд эх сурвалжуудын өгүүлснээр 2016 оны зургадугаар сард Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын эд зүйл хулгайлсан хэрэгт нь тэнсэн харгалзах ял оноож байсан гэх мэдээлэл бий аж.