АН-ын эв нэгдлийн ажлын хэсгийнхэн уржигдар Үндэсний бодлогын хорооны гишүүдээ оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Гишүүн Д.Ганбат “Ганц хүний, ганц намын дарангуйлал хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Үндэсний бодлогын хороог хэдэн нөхөр самарч эхэллээ. Тэд байнга хууль бус юм хийдэг. Энэ бүхний ард О.Цогтгэрэл, Ардын намынхан бий. Гэмт хэргээрээ барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүс энэ ажлыг хийж байгаа” гэв. Мөн С.Эрдэнэ “Эрээвэр хураавар хүмүүс зөвлөгөөн хийсэн байна лээ. Ямар нэгэн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргадаг болохоос биш, эрх зүйн үндэслэлгүй газар гардаггүй. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын төлөөллийн төв байгууллагын хурлыг ийм байдлаар хийсэн нь АН-ыг дэндүү гутаасан үйл ажиллагаа. Нэгдүгээр сарын 10-нд зарласан хурал нь хууль бус. Энэ хурлыг товлон зарлах эрх тэдэнд байхгүй” хэмээлээ. Ташрамд дурдахад, АН-ынхан хоёр талд намын бүтцийн байгууллагуудаа бүрдүүлэн, удирдлагыг нь томилж буй. УИХ-ын гишүүн Д.Ганбат гэхэд Үндэсний бодлогын хорооны бас нэг дарга нь. Ингэснээр давхардсан тоогоор Үндэсний бодлогын хороо гэхэд 400 орчим гишүүнтэй болжээ. Эв нэгдлийн ажлын хэсгийнхний хийсэн зөвлөгөөнд тус хорооны гишүүн гэх 215 хүн оролцсон бөгөөд энэ сарын 10-ны дотор Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар санал нэгдсэн байна.
Бэлтгэсэн У.Наран