УИХ дахь АН-ын бүлгийнхэн үдийн цайгаа ууж байхдаа хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэх дуулиан өчигдөр цахим орчинд гол дуулиан нь байлаа. Баттай эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр 13.00 цаг өнгөрч байхад гишүүн Д.Ганбатад УИХ дахь АН-ын бүлгийнх нь дарга О.Цогтгэрэл халдсан аж. Энэтухай дуудлагыг цагдаагийнханд Д.Ганбатын зөвлөх нь өгсний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн Төрийн ордонд орж хэргийн газрын үзлэг хийсэн байна. Төрийн ордонд ажилладаг эх сурвалжууд “Хоёрдугаар давхрын 203 тоотод УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн албан өрөө байдаг. Тэнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үдийн цай ууж байх үед дарга О.Цогтгэрэл нь гишүүн Д.Ганбатыгаа зодсон юм билээ. Тэр өрөөнд дээрх хоёр хүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нар үдийн хоол идэж байсан. О.Цогтгэрэл нь ямар шалтгаанаар Д.Ганбатдаа халдсаныг өөрсдөө л шалгаж байгаа цагдаагийнхандаа тайлбарлах биз. Ямар ч гэсэн гэмтэл шарх аваагүй байна лээ” гэсэн юм.
АН-ын зарим гишүүн “Заамдалцсанаас өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Хоолны нэг удаагийн цаасан аяга, тавгаар цохих гэж далайх үед нь Б.Пүрэвдорж гишүүн салгасан. Тэдний маргаан АН-д үүсээд байгаа өнөөгийн талцал, хуваагдалтай холбоотой байх магадлалтай” хэмээв.